Оросын буриадын түүх

Байгал нуурын орчим нутаг нь Төв Азийн түүх соёлын нэгэн чухал хэсэг билээ. Нүүдэлчин ард түмнүүдийн нутаглаж ирсэн энэ газар нь Чингэс хааны үед Монголын эзэнт гүрний нэгэн хэсэг байсан гэдгийг та бид сайн мэдэх билээ. Рашид-ад-Диний тэмдэглэлд Монголын эзэнт гүрний нэг хэсэг болох Байгал нуурын баруун хэсэгт амьдардаг нүүдэлчдийн тухай бичсэн байдаг. XVI зуунаас эхлэн Орос дорно зүгт газар нутгаа тэлэх асуудалд нэлээд анхаарал хандуулсан юм. Үүнтэй уялдан дэлхийн түүхэнд бичигдэн үлдсэн чухал үйл явдлууд буриадуудыг тойрсонгүй. 1666 онд Уда голын эрэгт Оросын козакууд модон хэрэм босгож Сибирийн арилжаа наймааны төв гэгдэх болсон Верхеудинск хотын суурь тавигдсан байна. Хожим нь энэ хотыг Улаан-Үд хэмээн нэрлэж Буриадын нийслэл болгосон түүхтэй юм. Тус хот Орос, Монгол, Хятадыг холбосон цэг дээр газар зүйн хувьд таатай байрлалтай байсан нь хөгжихөд нөлөөлсөн гэдэг. 1600 он гэхэд Байгал нуур орчимд нэг ч орос үндэстэн байгаагүй. Тэр үеийн тархай бутархай монгол аймгууд үе үе Хятад руу довтолж ялагдахаараа умар зүг хаашаа ч үл мэдэх тийш хулжиж оддог байсан нь эдүгээгийн Буриад Сибирийн нутаг байжээ. Энэ байдал 1619 онд Оросын зүүн хязгаараар тэнэж явдаг “козак” цэргүүд Обь мөрөн рүү довтолсноор эцэс болох эхлэл тавигджээ. Тэд ой хөвч бүхий Сибирийг нэвт гаталж Агнуурын тэнгис хүрсэн боловч тухайн үед хүч чадал нь төдийлөн буураагүй өмнө зүг Монгол руу олигтой нэвтэрч чадахгүй байж. Байгал нуурын эргэн тойрон Хори, Түмэд, Баргуд, Тавнан, Булгад, Сонгоол гэх мэт монгол овог аймгууд нутаглаж байсан нь Монголын Засагт хан, Түшээт ханы харьяа ардууд байсан. 1644 онд Курбат Иванов гэгч Братск хотод иржээ. Удалгүй Байгал нуурыг нээснээр Оросын сонирхол эрс нэмэгдэж цэрэгжсэн хот сууринг нуурын эргэн тойрон барьж эхэлсэн нь одоогийн Ангарск, Улаан-Үд зэрэг хотууд юм. Яг буриад гэдэг нэрний хувьд оросуудтай анх танилцсан Буриад гэдэг овгийнхон гэх боловч “брат” буюу ах дүү гэсэн үгээр гол төлөв орчуулагддаг. Түүнээс буриад гэх үндэстэн тусдаа байсангүй. Оросыг дагасан нь брат буюу буриад, дагаагүй нь монгол гэж хэлэгдсээр ирсэн тухай Баабарын номонд тэмдэглэсэн байдаг. 1795 онд энэ нутагт 5.5 мянган орос тариачныг шилжүүлж малын бэлчээрийг шахсан байна. Ердөө 30 жилийн дотор гэхэд 22.5 мянган айл буюу 100 мянган орос иргэд нүүж ирсэн нь тухайн үед асар их тоо юм. Мөн түүхэнд тэмдэглэснээр 1688-1689 онд Түшээт хан Чахундорж нутаг усаа хамгаалж Байгал нуурын орчимд “козак” цэргүүдтэй таван удаа тулалдаж байжээ. 1917 онд Орост болсон хувьсгал Байгал нуурын ойролцоох нутгийг Оросын нэгэн хэсэг болох үйл явцад нэлээд нөлөөлсөн байна. Ингээд 1923 онд Буриад-Монголын Автономит Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах улс гэгдэх болсон хэмээн түүхэн баримт бичигт тэмдэглэжээ. Удалгүй 1936 онд Буриадын Автономт Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах улс болгон өөрчилсон боловч 1937 онд Зөвлөлт засаг захиргаанд өөрчлөлт хийсэн юм. Өнөөдөр дэлхий дээр 520 мянган буриад үндэстэн амьдардаг. Монгол хэлтэн гэгддэг энэ үндэстний дийлэнх нь ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Буриадын Бүгд Найрамдах улсын иргэд юм. Монголд 35 мянга, Хятадад ойролцоогоор 10 мянга, үлдсэн хэсэг нь ОХУ-д амьдардаг билээ. Тиймээс буриадуудын тухай ярихад ОХУ-ын нэг хэсэг гэгдэх Буриадын Бүгд Найрамдах улсын тухай ярих нь зүйтэй болов уу. Зөвлөлт засгийн үед Буриадын Бүгд Найрамдах улсын хөдөө аж ахуйн салбар нь нэлээд хөгжсөн гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Ер бусын их ашигт малтмалтай, үзэсгэлэнтэй байгалиараа дэлхийд гайхагддаг энэ нутагт эрчим хүч, нүүрс олборлолт, мод боловсруулалт зэрэг салбаруудыг түлхүү хөгжүүлж байжээ. Буриадын газар нутагт байгуулсан үйлдвэрүүдийн дийлэнх нь цэрэг, улс орны батлан хамгаалах салбарынх байв. Түүнээс гадна боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбар сайн хөгжсөн. Зөвлөлт орныг хамарсан түүхийн гунигт үйл явдлууд ч буриадуудыг тойрч гараагүй. Сүүлийн үеийн мэдээллээр Буриадын автономит улсыг тарааж, Эрхүүгийн тойрогт нэгтгэх тухай эд яригдаж байгаа билээ. Энэ онд явуулсан санал асуулгаар хүн амын ихэнх нь Оросын гэр бүлд нэгдэхийг дэмжсэн гэсэн судалгаа гарсан гэж байгаа болов ч бас л бага ястныг үгүй болгох их гүрний далд бодлог бизээ.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.