Хорь буриадын тухай нэгэн сударт ийнхүү бичсэн байдаг. Хорь буриадууд өөрсдийгөө Хоридай мэргэний үр ач хэмээн домоглон хүүрнэдэг юм. Хоридай мэргэний нэгдүгээр эхнэр Баргужин гоогоос Алан-гоо нэртэй ганц охин төрсөн хэмээн Хорь буриадын түүхэнд бичигдэн үлджээ. Гэтэл “Монголын нууц товчоо”-нд Торголжин баяны хоёр хүү Дува сохор, Добу мэргэн хоёр Бурхан халдун уулан дээрээс Түнхэлэг горхин руу нүүдэллэн ирж яваа хорь түмдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужин гаугаас төрсөн Алангуа нэртэй охиныг гуйж Добу мэргэний эхнэр болгосон, тэр хоёрын дундаас Бүгүнүтэй, Бэлгүнүтэй нэртэй хоёр хүү төрсөн, Добу мэргэний үхсэнээс хойш Алунгуагаас Буха-хатаги, Бухату-салжи, Бодончар мунхаг хэмээх гурван хүү төрсөн, Өлунгуа эх тэднийг цуглуулан хүүхэд борт нэг сум өгч хугалуулаад, багцалсан таван сум өгч хугалж эс чадахад нь –Эе эвээ эс нэгтгэвэл нэг сум мэт, эвтэй найртай нийл явбал багцалсан таван сум мэт байх” сургаал хэлсэн, тэдгээр таван хөвгүүдээс монгол овогтон бий болсон тухай, тухайлбал: Бэлгүнүтэй – бэлгүнүд овогтон Бүгүнүтэй – бүгүнүд овогтон Буха-хатаги – хатагин овогтон Бухату – салжи – салжид овогтон Бодончар – боржигон овогтон тус тус болсон тухай гардаг. Тэхээр буриадын угийн бичигт гардаг Хоридай мэргэн, “Монголын нууц товчоо”-нд гардаг Хорилардай мэргэн хоёр нэг хүн байх үндэстэй юм. Учир нь эхнэр болоод охины нэр нь Баргужин гуа, Алунгуа гэсэн ижил нэртэй байгаа юм. Иймд удмаа хөөвөл буриадууд халх, боржигины нагац нар болж таарч байгаа билээ. 2003 оны 8-р сард Чита мужийн Онон районы “Новая заря” тосгонд хувийн хэргээр явж байхдаа орос хэл дээр бичигдсэн хорь буриадын түүхийг уншсан юм. Энэ түүхэнд ийнхүү өгүүлсэн байна: Барга баатрын гурван хөвгүүний хамгийн бага Хоридай мэргэн бөгөөд эхнэр Баргужингоогоос ганц охин Алунгоо төрсөн. Хоёр дахь эхнэр Шаралдайгаас: ~ Галзууд ~ Хуацай ~ Хүвдүүд ~ Гүшид ~ Шарайд хэмээх таван хүү төрсөн. Гуравдахь эхнэр Нагатайгаас: ~ Харгана ~ Худай ~ Бодонгууд ~ Хальбин ~ Сагаан ~ Батанай хэмээх зургаан хүү төрсөн гэж бичжээ. Үүнээс үзэхэд ч Хоридай мэргэн, Хорилардай мэргэн хоёр нэг хүн байх үндэстэй байна. Мөн тэр номд бичсэнээр 1703 оны 3-р сарын 22-ны мэдээгээр Ага нутагт Харгана, Хуацай, Галзууд, Сагаан, Шарайд, Хүвдүүд, Бодонгууд гэсэн долоон овгийн буриад амьдарч байсан, 1802 оны мэдээгээр Хальбин, худай овгийн буриад нэмэгдэн нийт есөн овгийн буриад суурьшин амьдарч байсан тухай эх сурвалжаас иш татан өгүүлсэн байна. Үүнээс үзэхэд хорийн 11 овгийн буриадаас 9 овгийнхон нь мал аж ахуйд тохиромжтой, зэлүүд тал нутагт нүүдэллэн ирж нутагшсан бололтой. Дээрх түүхээс харахад буриадын Хоридай мэргэний хоёр, гуравдахь эхнэр Шаралдай, Нагатай нараас төрсөн 11 хөвгүүний нэрээр буриадын үндсэн 11 овог нэршсэн түүхтэй юм байна. Өөр нэгэн домогт Хорь түмэд, Хоридай мэргэн хоёр Байгал нуурын эргээр явж байтал есөн хун шувуу зүүн хойд зүгээс нисэн ирж, нуурын эрэгт буугаад хунгийн өд сөдөө тайлж, есөн үзэсгэлэнт хүүхэн болон хувираад нуурын усанд орцгоожээ. Хорь түмэд нэгнийх нь хувцсыг нуугаад эхнэрээ болгон авч үлдээд сайхан амьдарч арван нэгэн хүүтэй болжээ. Нэгэн өдөр эхнэр нь хунгийн хувцсаа нэг өмсөж үзмээр байна гэж гуйхаар нь гарган өгтөл эхнэр нь өмсөж үзэж байснаа хун болон хувирч тооноороо нисэн гарах үед Хорь түмэд хоёр хөлнөөс нь шүүрэн барьж 11 хүүдээ нэр өгөөд яв гэж гуйхад Хөвдүүд, Галзууд, Хуацай, Хальвин, Батнай, Худай, Гушид, Цагаан, Шарайд, Бодонгууд, Харгана гэж нэр өгөөд сайн сайхан, элбэг баян амьдрахын ерөөл тавиад нисээд явчихсан тухай домог бий. Буриадын гарал үүслийн тухай дээрх хоёр хувилбараас харахад эхнийх нь түүхийн эх сурвалжид ойр, хоёрдахь нь домог үлгэр болох нь ойлгомжтой байна. Түүнээс гадна эхнийх нь хувилбар “Монголын нууц товчоо”-нд бичигдсэн үйл явдалтай олон талаар давхацдаг юм. Үүнд: 1. Хоридай, Хорилартай гэдэг хоёр нэр нь хоорондоо маш төстэй бөгөөд дуудлага нь ойрхон, нэг хүний нэр байгаад түүхийн цаг хугацааны явцад дуудлага нь хэл, аялгууны онцлогоос болоод сунжирч өөрчлөгдсөн, эсвэл уйгуржин бичгээс галиглан буулгахад өөрчлөгдсөн байж болох талтай юм. 2. Хоридай, Хорилартай хоёрын нэгдүгээр эхнэр нь адилхан Баргужингоо нэртэй байна. 3. Мөн төрсөн охиных нь нэр адилхан Алунгоо байна. 4. Ан аваа хуваахаас болж маргалдан салж, Хоридай Байгалыг гатлан урагш нүүх болсон тухай буриадын домог, Хорилартай мэргэн Хорилар овогтон болж салаад нүүн ирсэн тухай “Монголын нууц товчоо”-нд дурдсан түүх хоорондоо тун төстэй юм. 5. Хоридай мэргэн Байгалыг гаталж өмнө зүг нүүсэн, Хорилартай мэргэн умар зүгээс ирсэн гэж бичсэнээс үзэхэд нүүдлийн чиглэл таарч байна. 6. Эрдэмтэн мэргэдийн бичсэнээс үзэхэд буриадын гарал үүслийн түүх домогт тэмдэглэгдсэн Баргабаатар нь 10-р зууны үед амьдарч байсан хүн бөгөөд “Монголын нууц товчоо”-нд монголчуудын гарал үүслийн тухай дээрх баримтыг дурдахдаа 8-12 дугаар зууны үеийн түүхийг хамруулан бичсэн нь цаг хугацааны хувьд тун ойролцоо байгаа юм. Буриад овогтны гарал үүслийн талаар ийнхүү бичсэний учир нь хойч үе маань буриад олныхоо гарал үүсэл, зан заншил, түүхийг мэдэж, хэл соёлоо сурч хадгалан үлдээж, үр хойдоо дамжуулж яваасай хэмээснийх билээ. Оршил хэсгийг үүгээр төгсгөж хойч үеийнхнийхээ мэдэхэд зориулж ясан болон цусан төрлөө хэн гэж дууддаг байсан тухай дурдая. Эцгийн талын эр хүнийг – авга, эмэгтэй хүнийг - авгалжин Эхийн талын эр хүнийг - нагац, эм хүнийг - нагац эгч Хүүгийн хүүхэд – ач Охины болон эгч, охин дүүгийн хүүхэд – зээ Ачийн хүүхэд – жич Жичийн хүүхэд – гуч Гучийн хүүхэд – жичинцэр

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: