Түлхүүр үг
Угийн бичиг, овог, ясан төрөл, цусан төрөл, шугман, цацраг, мод цахим хэлбэрүүд, удам, ураг, голомт, үе, авга, нагац.
Үндэслэл
Дэлхий нийтээрээ даяарчилж буй өнөө үед хүний удмын санг цэвэр ариун байлгах, цус ойртохоос сэргийлэх, эцэг эх ах дүүсээ хүндэтгэх, угийн түүхээ мэдхэд “УГИЙН БИЧИГ”-ийг гол хэрэглүүр болгон айл өрх бүр хөтлөж хэвших нь нэн чухал асуудал болоод байна тиймээс энэхүү сэдвийн хүрээнд авч үзлээ.
Монголчууд эрт дээр үеэс удам угсаагаа тогтоох чухал баримт болох угийн бичиг хөтөлж ирсэн ба хойч үедээ өвлүүлэн үлдээж “Ургаа мэдэхгүй хүн усаа мэдэхгүй мал адил”, “Овгоо мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил”, “Нэр хугарахаар яс хугар” гэх мэт сургааль үгсээр захидаг байсан байна.
Монголчууд отгон хүүгээрээ голомт залгамжлуулж, түүндээ угийн бичгээ залгамжлуулан үлдээдэг байсан бөгөөд бусад хүүхдүүд нь түүнээс хуулбарлан үр удамдаа дамжуулан нандигнан хадгалдаг байжээ.
Монголчууд угийн бичгийг хөтөлдөг эртний тогтсон аргачлал, соёлтой байсан боловч энэ уламжлал нь их гүрнүүдийн далд бодлого явуулсаны үр дүнд тасарч, мартагдан бүдгэрсэн билээ. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгч П.Очирбатын 1991 онд 115-р зарилга гаргаж байсан байна. Үүнд: Хүн бүрт овог удмаа мэдэж, угийн бичгээ хөтлөх үндэсний, түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлэхийг монголын нийт иргэдэд уриалсугай гэжээ.
1997 онд МУ-ын засгийн газар 17-р тогтоол гарган бүх нийтээрээ угийн бичгийг хөтлөх заавар журмыг гаргаж айл өрх бүрийг угийн бичэг хөтлөхийг уриалсан билээ.
2007 оны 10 дугаар сарын 3- ны өдөр засгийн газрын 257 дугаар тогтоол гарсантай холбогдуулан "Угийн бичиг хөтлөх журам батлах тухай" Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгож угийн бичиг хөтлөх шинэ журам тогтоосон байна. / хавсралт-1 ээс үзнэ үү/
Угийн бичгийн тухай ойлголт
Овог гэдэг нь нэгэн өвөг дээдсээс гаралтай ясан төрлийн холбоо бүхий бүлэг хүмүүс юм.
Хүмүүсийн гарал, үүсэл, садан төрлийн холбоотой эсэхийг илэрхийлж уламжилж ирсэн баримт бичиг.
Угийн бичээс гэдэг өвөг дээдэс маань өөрсдийн овог удмаа үр хүүхдэдээ бичгээр дамжуулан үлдээсэн түүх.
Угийн бичиг нь ясан төрлийн буюу эцгийн талын шугамыг баримтлан, үеэс үед дамжуулан тасралтгүй залгаж хөтөлдөг угсаа гарлын товч шашдир юм.
Монголчууд уламжлал ёсоор өөрийн төрөл төрөгсдөө
Ясан төрөл
Цусан төрөл гэж 2 ангилан хувааж иржээ.
Ясан төрлийн гол зангилаа нь аав байдаг.
Монголын нууц товчооноос үзэхэд язгуурын ааваас үүдэлтэй ясан төрлийг авга гэж нэрлэдэг. Энэ нь аавын бүх ах дүү нарыг авгайлах нэр юм.
Авга гэдэг нь нэг эцэгтэй, нэг эхээс төрсөн аавын талынх дээрх нэг үеийг заасан өвөрмөц утгатай үг юм.
Хүн анх нийгмийн зохион байгуулалтад орохдоо хүүхдүүд эхээрээ овоглож, эхийгээ тойрон цусан төрлийн холбоотой бүлэг хүмүүс нэгдэн эхийн эрхт овог үүсгэн амьдарч байжээ.
Эмэг эх гэдэг нь цусан төрлийн холбоо үүсгэж, садан төрлөө бэхжүүлж, эв эеийг эрхэмлэж ирсэн хүндтэй хүн юм.
Эмэг эхийн үүсгэн бий болгосон эхийн талын бүх саданг нагац гэж нэрлэдэг. Нагац нь нэг эхтэй, төрсөн ах дүү нарын үеийнхэн, эхийн дээд нэг үеийг заасан өвөрмөц утгатай үг юм.
Хамаатан садан, ах дүүсээ нэрлэх өөр олон үг байдаг билээ энэ талаар угийн бичигт хэрэглэгдэх үгсийн тайлбар толь гэсэн хавсралт-2 оос үзнэ үү.
Угийн бичиг хөтлөх арга
Монголын нууц товчооноос үзэхэд язгуурын Монголчууд VIII зууны үеэс овог хэрэглэж ирсэн бөгөөд чингис хааны үед хүний өөрийн нэр, овог хоёроос бүтсэн хоёр нэрийн тогтолцоотой байсан гэж зарим судлаачид үздэг. Чингис хааны өвөг дээдсийн үеэс хэрэглэсэн боржигин, хатагин, олхонууд, бэсүд, баарин зэрэг олон овог өнөөг хүртэл тасраагүй уламжлагдан иржээ. Эртний монголчууд угийн бичгийг хөтлөхдөө зургаар үе залгамжийг дүрслэн үзүүлэх, түүхчлэн бичих гэсэн хоёр аргыг хэрэглэж байсан боловч хөгжлийн түүхэн явцад угийн бичгийг 4 янзаар үйлдэх болсон байна. Үүнд:
1. Модны мөчир хэлбэр
2. Цагираг хэлбэр
3. Шугман хэлбэр
4. Цахим хэлбэр /Буриад судлал сэтгүүл №2 Т.Гантулга ...-р хуудас/
Угийн бичгийг модны мөчир хэлбэрээр хөтлөхдөө модны үндэснээс салаалан ургаж буй мэтээр доор харагдаж буй зураг шиг дүрслэн хөтөлдөг явдал гадаадад болон монголд түгээмэл байдаг билээ.
Угийн бичгийг цагираг хэлбэр хэлбэрээр хөтлөхдөө нарны цацраг мэт тал тал тийш нь салаалан хөтөлдөг байна. Дараах жишээгээр оруулав.
Угийн бичгийг шугман хэлбэр хэлбэрээр хөтлөхдөө эрэгтэйг нь дөрвөлжин эмэгтэйг нь тойрог дүрсээр тэмдэглээд хүүхдүүдтэй нь зураас шугмаар холбож тэмдэглэн хөтөлдөг ба өөр тохиромжтой дүрсүүдээр тэмдэглэх боломжтой юм.
Жишээ-1: Жишээ-2:
Эндээс үзхэд 2-р жишээ нь илүү тохиромжтой гэж үзэж байнаа учир нь олон ялгаатай дүрсээр тэмдэглэснээр эхнэр, нөхөр, болон хүү, охин гэх мэт нь шууд хараад ялгагдаж байна. Мөн дүрс дотор тухайн хүний төрсөн болон нас барсан он/1894-1959/, өргүүлсэн/Ө/, үрчилсэн/Ү/, салсан/С/ гэх мэтээр тэмдэглэх нь чухал байдаг.
Угийн бичгийг цахим хэлбэрээр хөтлөх нь мэдээлэл технологи өндөр хөгжсөн өнөө үед чухал шаардлагтай юм. Энэ нь вэб сайт дээр байршуулах болон СД диск дээр хийгдэж түгээх хөгжүүлэх боломжтой ба цаг хугацаа орон зайнаас үл хамаарах учир бусад хэлбэрүүдээсээ онцлого давуу талтай юм. Дараах жишээгээр үзүүлэв.
Хавсралт-1
Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолын хавсралт
УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Соёлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т заасан гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх Монгол Улсын иргэний үүргийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Монгол Улсын иргэн бүр "Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар"-ыг баримтлан өөрийн ураг төрлийн хамаатлын хүрээгээ тогтоож, үр удамдаа заавал өвлүүлдэг үүрэг хүлээнэ.
1.3. Монгол Улсын иргэн бүр угийн бичгээ үндэслэн аливаа хэлбэрийн төрөл ойртсон гэрлэлтээс зайлсхийх, эрүүл саруул удамтай байхын төлөө тэмцэх явдал нь монгол хүний хөгжилд оруулж байгаа үнэт хувь нэмэр мөн.
1.4. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийн нийт өрхийн хэмжээнд өрх бүрийг угийн бичиг хөтлүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг хүлээнэ.
Хоёр. Овог хэрэглэх
2.1. Монгол Улсын иргэн бүхэн өөрийн овогтой байна.
2.2. Монгол Улсын иргэн өөрийгөө илэрхийлэх аливаа баримт бичигт эцгийн овгийг хэрэглэнэ. Гэр бүл болох тохиолдолд эцэг, эхийн овгийг адил эрхтэйгээр тооцно.
2.3. Өвөг дээдсээсээ уламжлан ирсэн эцгийн овгийг мэддэг хүмүүс түүнийгээ шууд хэрэглэнэ.
2.4. Өөрийн эцгийн овгийг мэддэггүй болон бутач, бусдад үрчлэгдсэн хүн эхийн овгийг хэрэглэж болно.
2.5. Эцэг, эхийнхээ овгийг мэддэггүй хүн дор дурдсанаар овгоо мэдэж хэрэглэнэ:
а/өөрийн сум, аймгийн болон бусад газрын архивт хадгалагдаж байгаа нутгийн хүн амын бүртгэл, угийн бичиг, хүмүүсийн намтар зэрэг баримтыг судлах;
б/уугуул нутагт нь хэрэглэдэг овгийн талаар "Овгийн товч намтар"-аас олж тодруулах, тэдгээрээс чухам аль нь өөрийн өвөг дээдсийн болон эцэг, эхийн овог болохыг нутгийн ахмад настан, сайн мэдэх хүнээс лавлан тогтоох;
в/энэхүү журмын 2.5-ын "а", "б"-д заасны дагуу овгоо тогтоох боломжгүй бол өөрийн уугуул нутагт байдаг овгоос аль нэгийг үзэмжээрээ сонгон авах.
2.6. Энэхүү журмын 2.5-д заасны дагуу овгоо олж хэрэглэх боломжгүй тохиолдолд дор заасныг үндэслэн зохиомол овог шинээр үүсгэн хэрэглэж болно:
а/тухайн удмын голлон эрхлэж байсан аж ахуй, онгон шүтээн, тамга, эрхэлдэг ажил үйлс, бусдаас ялгагдах өвөрмөц онцлогийг тусгасан нэр бүхий овог үүсгэх (жишээлбэл: Ямаат Болдын Бат, Анчин Сумъяагийн Энхтуяа гэх мэт);
б/төрөл садны холбоотой хүмүүс нутагтаа олны дунд алдаршсан цол, хэргэм зэргийг овог болгох;
в/өөрөө болон өвөг дээдэс нь олон үе нутаглаж ирсэн уугуул газар, уул, усны нэрийг овог болгох (жишээлбэл: Булнайн Доржийн Жав, Сутай Лувсандоржийн Баатархүү, Мэнэн Дашдоржийн Мөнхцэцэг гэх мэт);
г/монголд ястан, угсаатан, үндэстний гаралтай овог байдаг уламжлалын дагуу шинээр овог үүсгэх.
2.7. Зохиомол шинэ овог үүсгэх, эсхүл тухайн нутагт байгаа овгоос өөрөө овгоо сонгосон нөхцөлд төрөл садны холбоотой бүх хүн заавал нэгдмэл байдлаар хэрэглэнэ.
2.8. Хадамд гарсан эмэгтэй уламжлал ёсоор өөрийн овгийг хэрэглэнэ.
2.9. Бутач, өргөмөл, хойд эцэгтэй хүүхдийг төрүүлсэн эцэг буюу эхийнх нь овгоор овоглоно.
2.10. Монгол Улсын иргэн нь овог хэрэглэсэнтэй холбогдуулан иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэр бүлийн бүртгэл, улсын хэмжээний хүн амын тооллого, бүртгэлийн маягт зэрэг баримт бичигт гурван нэр (овог, эцгийн нэр, өөрийн нэр)-ийг хэрэглэнэ.
Гурав. Угийн бичиг хөтлөх
3.1. Монгол Улсын өрх бүр угийн бичиг заавал хөтөлнө.
3.2. Өрх бүр угийн бичгээ дор дурдсан дарааллаар бичиж хөтөлнө:
а/өрх бүр эхлээд өөрийн гэр бүлийн бичиглэлээ үйлдэнэ;
б/өөрийн гэр бүлээс төрсөн хүүхэд, тэдгээрээс удамласан бүх гэр бүлийг хамгийн ахмадаас эхлэн үе удмын буурах дарааллыг баримтлан угийн бичиглэлд хамруулна;
в/өөрөөсөө дээшхи үе удмын угийн бичиглэлийг нөхөр, эхнэрийн талаар дээш нь салбарлуулан үе удмын өсөх дарааллыг баримтлан мэдэхгүй үе удмаа хүртэл хөтөлнө.
Дөрөв. Угийн зураглал хөтлөх
4.1. Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр хоорондоо цусан төрлийн холбоотой өөрөөс дээш, доош үе удмын ураг төрлийн хамаатлын тухай угийн бичиглэлийг шалгаж нэгдсэн үнэн зөв бичиглэлийг тогтооно.
4.2. Нэгдсэн байдлаар тогтоосон угийн бичгээ "Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар"-т тулгуурлан угийн зураглалын хэлбэрт оруулна.
4.3. Монгол Улсын өрх бүр угийн бичгээ зайлшгүй оруулах мэдээллээр баяжуулан, энэхүү журмын 4.2-т заасан зураглалын хамт хадгалж, үр удамдаа дамжуулан өвлүүлнэ.
Тав. Угийн бичгийг баяжуулах, өвлүүлэх, хэрэглэх
5.1. Монгол Улсын өрх бүр үр хүүхэддээ багаас нь өөрийн гэр бүлийн угийн бичгийг угийн зураглалын хамт таниулан тайлбарлах, зохих мэдлэг олгох үүрэгтэй.
5.2. Монгол Улсын иргэн угийн бичигтээ тулгуурлан гэр бүлээ сонгох зарчмыг мөрдөж, дараахь зүйлийг онцгой анхаарч хэрэгжүүлнэ:
а/эцэг (жишээ нь: олхонууд/шарнууд),
эх (жишээ нь: боржигон/булгадар)-ийн овгуудыг бүрдэхэд аль нэг овог оролцсон хүмүүс хоорондоо үл гэрлэх;
б/угийн бичгээр өөрөөсөө дээш арван үе удмын доторхи ураг төрлийн хамаатлын хүрээгээ тогтоох боломжгүй нэг сум, багийн уугуул иргэд хоорондоо гэрлэхгүй байх зарчим баримтлах;
в/өөрийн уугуул сум, багтай хил залгаа зэрэгцээ сум, багийн иргэд хоорондоо гэрлэхгүй байх зарчим баримтлах.
Хавсралт-2
Угийн бичигт хэрэглэгдэх үгсийн тайлбар толь
Авга – Эцгийн талын төрөл
Авга хүргэн ах- Авга эгчийн нөхөр
Авга бэргэн- Авга ахын эхнэр
Авгай – Настай эхнэр бэргэн
Авхай –Язгууртны охин, эхнэр
Авааль эхнэр – Анх холбосон эм
Авааль нөхөр- анх холбосон эр
Авьсан –Нөхрийн ахын эхнэр
Аглага-Төрөл садны үе сунжиран холдсон нь
Ажин-Нөхрийн дүүгийн эхнэр
Амидай- Төрөл сунжирсан язгуур овог нэгтэн
Ажаа-Лам эцгийн цээр нэр, Ураг төрлийн ахмад хүнийг хүндэтгэн авгайлах үг
Амьдай-Төрөл бус нэр нэгтэн
Ач-Хүүгийн хүүхэд
Ач бэр-Ач хүүгийн эхнэр
Ач хүргэн- Ач охины нөхөр
Бага авга – Эцгийн дүү
Бага авга эгч – Эцгийн дүү эмэгтэй
Бага нагц –Эхийн дүү
Баз- Эгч, охин дүүстэй ханилсан эрс
Бөл-Эгч охин дүүгийн хүүхдүүд
Бөл ач – Бөл ахийн дүүгийн хүүхдүүд
Бөл зээ –нагац хүргэн ах, нагац авга эгчийн хүүхдүүд
Бөлөнцөр – Эхийн эгч, охин дүүгийн хүүхдүүд
Бэр- Хүүгийн эхнэр
Бэргэн /Бэргий/ – Ахийн гэргий
Гарал-үүсгэр - Язгуур эхлэл
Гуч – Жичийн хүүхэд
Дараа эх – Эцгийн хожим авсан эм
Житгэр – Нэгэн эрийн 2 эмийн сүүлийнх нь буюу бага эхнэр
Жихүй- Жицэнцэрийн хүүхэд
Жич-Ачийн хүүхэд
Жичэнцэр- Гучийн хүүхэд
Зээ – Төрсөн охины буюу эгч, охин дүүгийн хүүхдүүд
Зээ бэр – Зээ хөвгүүний эхнэр
Зээ хүргэн – Зээ охины нөхөр
Их авга ах – Эцгийн ах
Их авга эгч – Эцгийн эгч
Их нагац ах –Эхий ах
Их нагац эгч – Эхийн эгч
Нагац –Эхийн талын төрөл
Нагац ах – Эхийн ах,дүүсийн өөрөөс ахмад хүмүүс
Нагац бэргэн- Нагац ахийн эхнэр
Нагац ах буюу найнай – Их нагац эгчийн нөхөр
Нагац өвөг эцэцг – Төрүүлсэн эхийн эцэг
Нэгэн үе –Нас 12-оос доош зөрүүтэйг үе хэмээнэ
Овог- Угтаа ясан төрлийн холбоотой нэгэн өвөг дээдсээс уламжлалтай садан төрлийн хэлхээний үе уламжилсан нэр
Отгон – Хамгийн сүүлд төрсөн хүүхэд
Охин – Биеэс төрсөн эмэгтэйг хэлнэ
Өвөг эцэг- Эцгийн эцэг
Өндөр эмэг- Холбоо эмгийн эх
Өрлөг эх – Төрүүлээгүй ч хөхүүлж өсгөсөн эх
Сүй бэлэг – Охиныг сүйлэн тавьсан эд зүйл
Төрхөм – Эрд гарсан эмын төрсөн газар
Уг –анхны үүсгэр, язгуурын гарвал
Угсаа – Үндэс сурвалж
Удам – Нэгэн овог ургатны залгамж хойчис
Ураг – Эцэг эх аливаа худ ургийн хамаатан
Ууган охин – Их охин, анхны охин
Ууган хүү – Анхны хүү, ахмад хүү
Үе – Хүний төрөл уламжлалын дэс
Үе мултрах – Нас 12-оос илүү зөрүүтэйг үе мултарсан хэмээж хоорондоо ураг холбохыг зохисгүй гэнэ
Үенцэр –хаяалд ах дүүсийн хүүхдүүд
Үеэлд – төрсөн ах дүүгийн хүүхдүүд
Үеэлд бэр –Үеэлд хөвгүүний эхнэр
Үеэлд хүргэн – Үеэлд охины нөхөр
Хадам эх- Нөхөрт эхнэрийн, эхнэрт нөхрийн эх нь хадам эх болно
Хадам эцэг - Нөхөрт эхнэрийн, эхнэрт нөхрийн эцэг нь хадам эцэг болно
Хари – Ургийн холбоот хоёр овгийн эрийн тал
Хаяалд – Үеэлдийн хүүхдүүд
Хаяалд бэр – Хаялд хөвгүүний эхнэр
Хаяалд хүргэн – Хаялд охины нөхөр
Хаянцар – Үеэнцэр ах, дүүсийн хүүхдүүд
Хойт эх – Төрүүлсэн эхтэй хожим ураг холбосон эм
Хойт эцэг – Төрүүлсэн эхтэй хожим ханилсан эр
Холбоо өвөг – Хулан өвгийн эцэг
Холбоо эмэг – Хулан эмгийн эх
Худ – Эр эм бололцогчдын хүргэний тал
Худгуй - Эр эм бололцогчдын хүүхний тал
Хулан өвөг – Элэн өвгийн эцэг
Хулан эмэг – Элэн эмгийн эх
Хөвгүүн – биеэс төрсөн эрэгтэйг хэлнэ
Хүр дүү –Эхнэрийн буюу нөхрийн дүү
Хүргэн- Охины нөхөр
Цусан төрөл – Эхийн талын төрөл
Элэн өвөг – Хуланц эцгийн эцэг
Элэн эмэг - Хуланц эцгийн эх
Элэнц өвөг – Өвөг эцгийн эцэг
Элэнц эмэг – Өвөг эцгийн эх
Эгч – Нэг эх, эцгээс төрсөн, нас ахмад эмэгтэйг хэлнэ
Яс- өөрөөсөө хэдэг овог үржвэр салбарлуусан том овог
Ашигласан материал
1. Дорнодчуудын овгийн товч лавлах, овог, угийн бичиг сэргээх зөвлөмж.УБ.1994
2. “Буриад судлал сэтгүүл” Цахим угийн бичиг хөтлөх тухай Т.Гантулга. УБ.2009
3. Угийн бичиг Т.Гантулга. Чойбалсан хот 2008 он
4. Угийн бичиг Д.Сэрдарам.Ph.D http://www.slideshare.net/
5. http://edulaws.gov.mn/
6. http://goyonuud.bblog.mn/
7. http://www.kt.mn/
8. http://biznetwork.mn/networks/477
9. http://www.geni.com/
10. http://www.familytreemaker.com/
11. http://www.familytree.ru